Бидэнтэй нэгдээрэй. Please like it.

Онцлох мэдээ

Монголын шилдэг уран бүтээлчид:

New Star

Tuesday, April 14, 2015

Gogo NEWS: Н.Баярмаа: Эхэлсэн ажлынхаа оргилд нь хүрчихээд дараагийнхаа зүйл рүү ор

Хүн бүрт хүсэл мөрөөдөл, бас тэмүүлэл зорилго гэж байдаг. Харамсалтай нь зорилгодоо хүрэх тийм ч хялбар биш. Зарим хүмүүс зорилгодоо хүрэх замд элдэв саад тотгор, хүндрэл бэрхшээл гарах төдийд л ухарч няцах, шантрах нь цөөнгүй. Гэтэл зарим нь зорилгодоо хүрэхийн тулд ямар ч аргаар хамаагүй зүтгэдэг. Ийм хүмүүсийн төлөөлөл болох Монголын бэлхүүсний бүжгийн хатан хаан гэгддэг Н.Баярмааг Хобби буланд урьж ярилцлаа.
-Өгзөг, бэлхүүс, цээжний хөдөлгөөнөөр тодорхойлогддог Belly dance гэх энэ бүжгийн үүсэл гарлын талаар яриагаа эхлэх үү?
-Белли дэнс гэдэг бол Ойрхи Дорнодын бүжиг. Анх Ойрхи Дорнодын жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдээ хүндрэлгүй төрүүлэхийн тулд энэ бүжгийн техникийг хийснээр анх энэ бүжиг үүссэн түүхтэй. Өөр ямар ч бүжгийн төрөлд байдаггүй belly roll, belly flather гэх гэдсээрээ чичиргэх, гүрвэлзэх хөдөлгөөнүүд байдаг. Бусад хөдөлгөөнүүд нь нэмэгдэн нэмэгдсээр дэлхийн томоохон бүжгийн нэгэн төрөл болтлоо үүсэж хөгжсөн түүхтэй. Бэлхүүсний бүжгийн томоохон төлөөлөгчөөр Шакираг хүн болгон мэдэж байгаа. Шакира Латин Америкийн бүх бүжгийн төрлүүдтэй белли денсийг холбон, өөрийн дуутай хослуулан поп, R&B урсгал руу оруулж ирснээрээ дэлхий нийтэд танигдсан төлөөлөгч гэж явдаг юм.
-Хэзээнээс бүжгийн энэ урсгалаар хичээллэж эхэлсэн бэ? Ер нь яагаад заавал энэ бүжгийн төрлийг сонгон хичээллэх болов?
-Би оюутан байхдаа амьд хөгжмийн хамтлагт дуулдаг байлаа. Тухайн үед Шакирагийн дуунууд хит болж, дэлхийг байлдан дагуулж байсан. Би Шакирагийн дуунуудыг түүн дотор Objection tango гэдэг дууг ялангуяа их дуулдаг байлаа. Тэгсэн манай хамтлагийнхан Шакира шиг бэлхүүсээрээ бүжиглэж дуулаач гэхээр нь анх бэлхүүсний бүжгийг белли дэнс гэж нэрлэдгийг мэдэж, энэ бүжгийн талаар судалж, YouTube-ээс техникүүдийг, хичээлүүдийг нь бие даан сурч эхэлсэн. Бэлхүүсний бүжгийг анх хараад эмэгтэй хүний гоо сайхныг төгс харуулдаг бүжиг байна даа гэж бодож байсан. Тэгээд энэ бүжгийг төгс эзэмшинэ гэж өөртөө ам өгсөн дөө. Энэ бүжгийн төрлийг сонирхон судалсаар 2006 оноос хойш мэргэжлийн хэмжээнд хичээллэж байна.
“Алтан ураг” хамтлагийн Хөхтолботон гэдэг аян дээр бүжиг маань эхэлж, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ эгчийн аяар дуусдаг. Энэ гайхалтай уран бүтээлчдийн хөгжмийн аянд бүжиглэсэн болохоор Дэлхий аваргад би түрүүлэхгүй байхын аргагүй байсан гэж боддог.
-Анх ямар ч багшгүй бие даан сурч байхад шантрах үе зөндөө байсан уу? 
-Анх сурч эхэлж байхад шантрах, мухардах үе зөндөө байсан. Энэ бүжгийг сурахад Монголд багш байгаагүй учир анхныхаа бүх техникийг өөрөө бие дааж сурахаас өөр аргагүй байсан юм. Жил орчим хичээллэж байж бүжиглэх хэмжээнд хүрсэн. Ингээд өөрөө нэг бүжиг дэглэж, бүжиглэж байгаа бичлэгээ гадаадад байдаг найзууддаа илгээж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг байв. Нэг удаа Азийн бүжигчдийн тоглолтод оролцооч гэсэн урилга ирсэн. 2010 онд Хонконгод болсон “Belly rock” хэмээх шоу тоглолтод оролцсон. Рок хөгжмийн зэвсэгүүдэд тоглосон аяыг сонсоод дотоод мэдрэмжээрээ шууд бүжиглэх ёстой байсан юм. Сугалаагаар надад гитар таарсан. Гитарын аян дээр бүжиглэхдээ белли денсийг Монгол жанр руу оруулж бүжиглэсэн юм. Тэр үед бэлхүүсний бүжгийн алдартай Симона гэх Итали багштайгаа танилцсан. Багш маань “Чамд ер бусын мэдрэмж байна. Үзэгчдийг сайн байлдан дагуулж байна. Чи Азийн наадамд оролцооч” гэсэн санал тавьж байсан. Тэгээд бид хоёр багш, шавь болсон доо.
-Олон улсын тэмцээнд анх удаа оролцож, аварга болсон үеэсээ хуваалцаач?
-Азийн наадамд оролцоход намайг Итали багш маань дасгалжуулсан. Дасгал сургуулилтаа Сингапур, Хонконгод хийдэг байв. Азийн аваргад оролцохын тулд бүтэн нэг жил дасгал сургуулилт хийсэн. Бэлхүүсний бүжигт дэглэлттэй, зохиомжтой бүжиг ховор байдгийг би анзаараад, Азийн аваргад “Тогосны бүжиг” дэглэсэн юм. Хэрэв тогос эмэгтэй хүн болоод бүжиглэвэл яах байсан бол гэж бодоод л бүжгээ зохиомжилсон. Хоёр үе шаттай болсон тэмцээнд би амжилттай оролцож, шилдэг таван бүжигчний нэгээр шалгаран өөрийнхөө нэртэй цом гардаж, “Шилдэг санаа” өргөмжлөл хүртсэн. Анхны тэмцээндээ шууд шилдэг цол авсандаа баярлаж, улам их урам авсан даа.

-Харин Дэлхийн аварга болох таны дараагийн зорилго байв уу?
-Азийн аваргаас цом авч байхдаа дараагийн тэмцээнд орохдоо монгол бүжгээ бэлхүүсний бүжигтэйгээ холбоно гэж гэсэн бодол хамгийн түрүүнд толгойд минь орж ирж байсан юм. Тэгээд монгол бүжгийг белли денстэй хослуулахын тулд гурван жилийн хугацаанд судалгаа хийж, хоёр бүжгийн урсгалын ижил төстэй, ялгаатай хөдөлгөөнүүдийг судалсан юм. 2014 оны Дэлхийн аваргад Монголчуудын түүх соёлыг харуулсан, түүн дотор баатарлаг хатны дүрийг харуулсан үзүүлбэр бүтээхээр шийдэв. Монгол хатдыг судалснаар Мандухай цэцэн хатны дүрийг бэлхүүсний бүжигтэй холбож дэглэе гэж бодсон. Монгол бүжгийн Мандухай гэсэн хөдөлгөөнийг бас оруулж өгсөн байдаг.

Бүжгийн ерөнхий зохиомж нь Мандухай цэцэн хатан байлдаж явж байгаад дайны талбараас нум сум олдог. Тэгээд Мандухай цэцэн хатан дайн дажингүй залуу үеэ дурсаж, гадуурх хуяг дуулгаа тайлахад эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг харуулсан өмсгөл нь дотроос нь гарч ирдэг. Тэгээд үндэсний хувцастайгаа олсон нум сумаа толгой дээрээ тавьж, белли денсийг үндэсний бүжигтэй хослуулан бүжиглэж эхэлдэг. Миний энэ бүжгийг үзэгчид, шүүгчид маш гоё хүлээж авсан. Монгол хатны бүжгээрээ Fusion төрөлд дэлхийн аваргын цомыг хүртсэн юм. “Алтан ураг” хамтлагийн Хөх толботон гэдэг аян дээр бүжиг маань эхэлж, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ эгчийн аяар дуусдаг. Энэ гайхалтай уран бүтээлчдийн хөгжмийн аянд бүжиглэсэн болохоор Дэлхий аваргад би түрүүлэхгүй байхын аргагүй гэж боддог.

-Таны ярианаас сонсоод байхад маш их хөдөлмөрч, тууштай хүн юм шиг санагдаж байна.
-Амжилтанд хүрэхэд манай гэр бүлийн хүмүүжил надад маш их нөлөөлсөн. Бага насаа Хэнтий аймгийн Дадал суманд өнгөрөөсөн. Манай эмээ эмнэлгийн хүн, өвөө цэргийн хүн байсан юм. Өвөө их зарчимч, эмээ их цэвэрч нямбай ийм гэр бүлд хүмүүжсэн. Манай хоёр буурайгийн ганц хэлдэг юм нь “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг үгийг ой тоонд ортол минь сургасан.
Эмээ, өвөө хоёрын минь нэг эхэлсэн ажлынхаа оргилд нь хүрчихээд дараагийнхаа зүйл рүү ор гэдэг байлаа. Амьдралд сайн, муу гэсэн хоёр л дүн бий. Дунд гэсэн дүн байхгүй. Иймээс сайн л амьдрах хэрэгтэй шүү гэдэг байв.
Би нэг бүжгээ 500 мянгаас 1 сая төгрөгийн хооронд бүжиглэдэг. Ер нь 500 мянгаас доош бүжиглэж байгаагүй юм байна.
-Ер нь бэлхүүсний бүжиг дотроо хэдэн төрөлтэй вэ?
-Fusion буюу орчин үе, oriental буюу уламжлалт, folkloric буюу битүү хувцастай, үсээ голдуу оролцуулдаг бүжгүүд голдуу Иран, Ирак зэрэг улсад түгээмэл хөгжсөн, baladi буюу маш их уянгын халилтай эртний, язгуур тал руугаа гэсэн дөрвөн төрөлтэй. Сүүлийн үед oriental pop гэсэн урсгал хүчээ авч байгаа. Арабын орчин үеийн дуунуудын аян дээр бүжиглэдэг болсон.
-Бүжигнүүдээ өөрөө дэглэдэг үү?
-Тиймээ өөрөө дэглэдэг. Бүжгээ дэглэхдээ аяа сонсоод нүдээ аньж, дотроосоо мэдэрч, аяны үндсэн характерийг олохыг хичээдэг. Гол амин сүнс болох характерийг нь олсон байхад тэр бүжиг аяндаа өөрөө нүдэнд харагдаад босоод ирнэ. Бүжиг болгондоо нэг дүр бүтээж бай. Тэр нь хоорондоо давтагдашгүй байх хэрэгтэй гэж Итали багш маань зааж сургадаг байсан. Тиймээс бүжиг болгондоо дүр бүтээхийг оролддог.
-Олон улсын тэмцээнд оролцоход хэр их зардал гардаг вэ?
-Тэмцээнийхээ зардалыг 100 хувь өөрөөсөө гаргадаг. Дор хаяж 10 сая төгрөг шаардагдана. Олон улсын тэмцээний зөвхөн нэг хувцас гэхэд доод тал нь 1 сая төгрөгөөр бүтдэг. Өнгөрсөн оны Дэлхийн аваргын тэмцээнд өмссөн миний монгол хувцас гэхэд л 3 сая төгрөгөөр бүтсэн гэх жишээтэй. Монгол хувцас маань загвар зохион бүтээгч, шүүгчдийн анхаарлыг маш ихээр татсан.

-Таныг оёх дуртай гэж сонссон. Бүжгийнхээ хувцаснуудаа өөрөө урладаг уу?
-Анхныхаа хувцаснуудаа өөрөө урладаг байсан. Тухайлбал Азийн аваргын “Тогосны бүжиг”-ийн хувцасаа өөрөө оёсон. Харин сүүлийн үед миний хувцаснуудыг урлаж байгаа мундаг дизайнертай болсон. Хамгийн сүүлд Дэлхийн аваргад оролцохдоо өмссөн монгол хатны хувцасыг урласан.
-“Монголын белли дэнс хөгжүүлэх" төвөө ажиллуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэр олон хүмүүс үйлчлүүлж байна?
-Хамгийн анх Улаанбаатар их дэлгүүрийн хажууд төв салбараа нээж байсан. Саяхан 13-р хороололд шинэ салбараа нээлээ. Энэ жилдээ багтаагаад дахин хоёр салбараа нээх төлөвлөгөөтэй байна. Манай төвд 5-аас 70 насны хүмүүс ирж үйлчлүүлдэг. Анхан, дунд, гүнзгий шат гэсэн гурван анги бий. 13-р хороолол дахь салбар маань нэг ангидаа 14 хүн, төв салбар маань 20 хүн л авдаг.
-Ер нь бэлхүүсний бүжгээр хичээллэх нь хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?
-Белли дэнс дотоод булчин ажиллуулдгаараа бусад бүжгээс ялгардаг. Тааз, цээжээ салгаж бүжиглэдэг учраас бэлхүүсний булчин ажиллаж, гоолиг болохоос гадна нурууны бүх үед хөдөлгөөн үүсгэж шохойжилтоос сэргийлдэг. Бүдүүн болон шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоолны шингэц сайжруулж, савны хий гадагшлуулж, агшаадаг учраас бүсгүйчүүдийн эрүүл мэндэд маш их ач тустай.

-Тэгвэл бэлхүүсний бүжиг бие галбир төдийгүй эрүүл мэндийн хувьд ч давхар эмчилгээ хийдэг гэсэн үг үү?
-Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань суугаа ажлаас болоод ч тэр үү, нуруу нь нэлээд бөгтөр явах нь ихэссэн. Энэ нь нурууны шохойжилт үүсгэдэг. Хүзүү, нурууны хэсгээр шохойжилт үүсээд ирэхээр харалдаа эрхтнүүд нь өвчлөөд эхэлдэг. Тухайлбал, нурууны шохойжилт болон гажилт үүссэн хүний зүрх, элэг, бөөр өвдөж эхэлнэ. Иймээс манай төв хүзүү, нурууны шохойжилт арилгахаас гадна бөгтөр засах дасгалуудыг нэмэлтээр оруулж ирсэн. Манай клуб дотроо аарцаг нурууны бариа заслын эмчтэй болохоор судсаар үзээд оношоо хэлээд өгдөг. Аарцаг нурууны эмчийн хяналтан дор Монголын цаг уур амьсгал, биеийн онцлогт тулгуурласан эрүүл хооллолтын зөвлөгөө өгдөг.
Мөн буруу алхаж гишгэснээс болж, охид бүсгүйчүүдийн гуя, шилбэний булчин гадагшаа эргэж байгаа нь анзаарагддаг. Үүнтэй холбогдуулан алхаа гишгээ болон хөлийн майга, булчингийн хөгжлийг засах дасгалууд зааж өгнө. Мөн 12 нугалаа гэдсийг гэрийн орчин хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө өгнө. Ингэснээр тухайн хүний зүрх, элэг, бөөр, цөсний үйл ажиллагаа эрс сайжирч байгаа нь мэдэгддэг. Энэ бүжгийн төрлөөр гурван сар хичээллэж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, бие галбирын хөгжил мэдэгдэхүйц сайжирсан байдаг шүү. Тэгэхээр энэ бол бүжгээр дамжуулсан эмчилгээ гэсэн үг.
-Та хэр олон шавьтай болж байна?
-Маш олон шавьтай. Тэдний дотроос өөрийн гарын шавь нараа олон улсын тэмцээнд оролцуулах бодолтой байна. Олон улсын тэмцээн гэдэг ямар хүнд даваа гэдгийг өөрийн биеэр туулсан болохоор шавь нартаа маш их өндөр шаардлага тавьж, одоогоор гурван жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийж байна.  Шавь нар маань олон улсын тэмцээнд оролцож, амжилт гаргах нь миний ойрын зорилго.
-Нууц биш бол нэг бүжгээ хэдээр үнэлдэг вэ?
-Би нэг бүжгээ 500 мянгаас 1 сая төгрөгийн хооронд бүжиглэдэг. Ер нь 500 мянгаас доош бүжиглэж байгаагүй юм байна.
-Бэлхүүсний бүжгэнд эмэгтэй хүний харц, эмэгтэйлэг байдал хамгийн чухал юм шиг санаддаг.
-Энэ бүжгийн төрөлд нүдний харц, жүжиглэлт маш чухал байр суурийг эзэлдэг. Дотоод сэтгэлдээ жүжиглэлтийг маш их шаардсан ийм бүжгийн төрөл. Жүжигчнийхээ мэргэжлээр бахархдаг шүү. Жүжигчин хүн тайзан дээр гараад биеэ барьдаггүй, үзэгчтэй сайн харьцаж чаддаг.

-Та жүжигчин мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ ажиллах бодол байгаа юу? 
-Хамгийн анх “Өнгөт инээд” хамтлагаас жүжигчний гараагаа эхэлж байсан. Дээр дурдсанчлан нэг юмныхаа оргилд хүрчихээд дараагийнхаа зорилго руу орно гэж. Мэдээж жүжигчнээр ажиллах сонирхол, бодол бий.
-Таны гэр бүлээс урлагийн хүн бий юу?
-Аав маань урлагт элэгтэй, урлагтай ойр хүн байсан. Манай аав Драмын театрийн гэрэлтүүлэгч хийдэг байсан юм. Хүүхэд байхад аав маань Драмын театр, Цирк, Хүүхэлдэйн театр гурваар байнга дагуулж явна. Энэ нь намайг урлаг руу хөтөлж оруулах түлхэц болж өгсөн болов уу гэж боддог. Хүүхэд байхдаа нугардаг, дуулдаг, бүжиглэдэг байсан. Тэгээд том болоод ямар ч байсан урлагийн хүн болно гэж боддог байсан.
-Хамгийн сүүлд “1001 шөнийн үлгэр гэсэн шинэ клипээ гаргасан. Ямар уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Төлөвлөгөө, санаанууд маш их бий. Дараагийн клипийг үндэснийхээ хөгжмийн зэмсэгтэй холбосон маягаар орчин үеийн залуучуудад хандсан тал руугаа хийе гэж бодож байгаа.

-Хүмүүсийн дунд зөвхөн эвсэлтэй хүн бүжгийн дугуйланд явах хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Манай бүжгийн клубт ирж байгаа зарим хүмүүс өөрсдийгөө бүжгийн эвсэлгүй гэсэн ангилалд оруулсан байдаг. Хөгжмийн сонсголгүй хүн байдаг болохоос эвсэлгүй хүн гэж байдаггүй. Иймээс өөрийнхөө дотоод айдсаа ялан дийлэх хэрэгтэй. Бүжгээр хичээллэснээр хүмүүс өөртөө итгэлтэй болдог. Өөрийгөө голохоо больж, ертөнцийг харах үзэл нь хүртэл өөрчлөгдөнө.

Хүний амьдралд зовлон, жаргал, гуниг гээд янз бүрийн юм тохиолдоно тэр болгонд би "Миний өмнө маш том зорилго байгаа болохоор энэ бол юу ч биш" гэж бодож ирсэн. Зорилго минь намайг хурцалж өдий хэмжээний амжилтад хүрэхэд нөлөөлсөн болов уу гэж боддог. Хүн мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Мөрөөдөл яг бидний хажууд байдаг. Тиймээс хүүхэд залуучууддаа зорилготой байж, түүний төлөө хөдөлмөрлөвөл бүтэхгүй зүйл гэж байхгүй гэж уриалмаар байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/159915

0 comments: